Вилхэлм Робэрто Эдуард Михельс
(1876—1936 он)— нь Германы улс төр судлаач, социологич нэгэн. Г. Моска, В. Парэто нарын зэрэгцээгээр улс төрийн
намын социологи болон элит судлалыг үндэслэгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог.
Михельсийн түрүү үеийн улс төрийн бүтээлүүдэд синдикалист шинж
агуулагдсан байдгаараа ихээхэн онцлогтой. Өөрөөр хэлбэл, иргэдийн шууд оролцоо
хэрэгжиж буй тохиолдолд ардчилал жинхэнэ утгаараа хөгжих бөгөөд төлөөллийн
ардчилал өөртөө олигархи хандлагыг ямар нэгэн хэмжээгээр бий болгож байдаг гэж
үзсэн.
1911 онд гаргасан «Ардчиллын
нөхцөл дэх улс төрийн намуудын социологи» нэрт бүтээлдээ аливаа
нийгмийн бүтцийн зүй ёсны бөгөөд гарцаагүй үр дагавар нь олигархи мөн гэсэн
дүгнэлт хийжээ. «Олигархи хандлагын төмөр хууль, зүй тогтол»-ыг нээн илэрүүлсэн
нь Михельсийг алдар хүндийг оргилд хүргэсэн юм.
Тогтвортой оршин тогтнохын тулд ардчилал
зохион байгуулалтын хэлбэрт орох шаардлагатай бөгөөд зохион байгуулалтад орсон
ардчилал өөрийн гол шинжээ алдаж, удирдагчаа хянах олон түмний чадварыг
бусниулдаг талаар Михельс бүтээлдээ дурдсан байна. Энэ тохиолдолд ардчилал
олигархи шинжтэй болдог. Ардчилал зохион байгуулалт, удирдлагын бүтэц,
элитгүйгээр оршин тогтнох бололцоогүй бөгөөд эдгээр шинж нь ардчиллыг олон
түмнээс тасарсан онцгой эрх, ямба эдлэх манлайллын хэлбэр болгон хувиргадаг.
Зүүний чиглэлийн улс төрийн хүчнүүд, тухайлбал намын гишүүд нь хууль тогтоох
хуралд сонгогдсон намууд нийгмийн байр сууриа өөрчилж засаглагч элит болж
хувирч байна. Олон түмнийг улс төрийн үйл ажиллагаанд хөтлөн оролцуулах
чадвартай харизматик удирдагчид мэргэшсэн бюрократиар, оршин буй нийгмийн
байгууллыг өөрчлөхийг эрмэлзэгч хувьсгалчид консерватив үзэлтэн, даган
баясагчдаар солигддог.
Өнөөгийн олонх улс төр судлаачид
Михельсийн дээрх үзэл санааг шууд ардчиллын эсрэг чиглэсэн, ингэхлээр, элитгүй
нийгэм оршин тогтнох боломжгүйг сурталчилсан сургаал гэж ойлгох болсон.
Михельсийн тухайд амьдралынхаа
сүүлийн жилүүдэд бичсэн бүтээлдээ фашизм, авторитари дэглэмийг илэрхий сайшаах
болсон. Хамгийн гол нь, Михельс нийгэмд элит бүрэлдэх механизмыг судалсан
байна. Нийгэмд элит бүрэлдэх явцад хүний зохион байгуулах чадвар, нийгмийн
зохион байгуулалтын бүтэц хоёр онцгой нөлөөтэйг онцолсон.
Ямар ч нийгмийн зохион байгуулалтын
бүтэц өөрөө элитийг шаардах бөгөөд элитгүйгээр тогтвортой оршин тогтнох бололцоогүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Нийгэмд
«олигархи хандлагын төмөр хууль, зүй тогтол» үйлчилдэг. Нийгмийн дэвшил
хөгжлийн чиглүүлэгч хүчин зүйл болсон томоохон зохион байгуулалт нь нийгмийг
удирдах олигархи хандлагыг бий болгох бөгөөд ийм хэв шинжийг удирдлагагүйгээр
хөгжил дэвшил үүсэх учиргүй. Зохион байгуулалттай бүтцийн үйл ажиллагааны үр
ашиг нь чиг үүргийн төрөлжилт, энгийн иргэдээс тусдаа удирдлагын аппарат
бүрдүүлэхийг шаардах бөгөөд хөгжлийн явцдаа энэ зохион байгуулалтын бүтэц нь
өөрийн эрх ашгийг чухалчилсан улс төрийн бодлого хэрэгжүүлэх болдог. Нийгмийн ердийн
иргэд улс төрийн оролцоо, эрх, үүргийн хувьд сөрөг байр сууринд шилжиж, үр дүнд
нь олигархи, элитар бүлэглэлийн гарт удирдлагын хүндийн төв байршидаг. Засаг
төрийн шийдвэр гаргах түвшинд харьцангуй давуулаг байр сууриа хадгалж үлдэхийг
санаархагч нөлөөллийн бүлэглэлүүд өөр хоорондоо холбогдож, олон түмний эрх
ашгийг огоорч эхэлдэг байна.
Ардчилал, нийгмийн зохион
байгуулалтын талаарх Михельсийн үзэл санаа ерөнхийдөө нэлээд гутрангуй шинэ
чанартай. Онцлон тэмдэглэхэд ардчилал гэдгийг удирдлагын үйл явц дахь олон
түмний шууд оролцоогоор төлөөлүүлэн ойлгож байжээ.
МОНГОЛЧИЛСОН:
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН
АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
Comments
Post a Comment