Skip to main content

ЭЛИТ СУДЛАЛЫН ОРЧИН ҮЕИЙН НЭРТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧ ЧАРЛЬЗ РАЙТ МИЛЛС

1. Цадиг намтар
XX зууны Америкийн хайв эрдэмтэн, улс төр судлаач, социологич, элит судлалыг хөгжүүлэгчдийн нэг нь Колумбын Их Сургуулийн профессор Чарльз Райт Миллс (Англи хэлнээ: Charles Wright Mills; 1916-1962 он) билээ. 
Чарльз Райт Миллс 1916 оны наймдугаар сарын 28 нд Техас муж улсын Уэйко хотод даатгалын ажилтан Чарльз Гровэр Миллс (Charles Grover Mills), Фрэнсис Райт Миллс (Frances Wright Mills) нарын гэрт мэндэлжээ. Тэрээр төрөлх нутагтаа 23 нас хүртлээ амьдарчээ. 1934 онд Далласын Техникийн Сургуулийг дүүргэж 1935 онд Техасын Их Сургуульд элсэн орж улмаар 1939 онд социологийн ухаанаар төгссөн байна. Их сургуулиа төгсөх үедээ Миллс «American Sociological Review», «American Journal of Sociology» гэх эрдэм шинжилгээний нэр хүнд бүхий хоёр цувралд өгүүллээ нийтлүүлсэн байна. 
Техаст Миллс социологийн чиглэлээр магистрантурт суралцаж байсан Дороти Хэлэн Смит (Dorothy Helen Smith) гэгчтэй танилцаж улмаар эхнэр, нөхөр болцгоожээ. Эмэгтэйчүүдийн Оклахома Коллежийг худалдааны чиглэлээр дүүргэсэн Дороти эмэгтэйчүүдийн байгууллагад захиралын туслахаар ажиллаж Миллсийг докторын зэрэг хамгаалж байхад гэр бүлээ тэжээж байв. Нөхрийнхөө докторын ажлын үзэл санааг хянан байцаах, алдааг нь ариутган шүүх зэргээр Миллсийн ажилд онцгой тусалдаг байсан гэдэг. 1940 оны наймдугаар сард Дороти, Чарльз нар хоёр тийш болсон ч 1941 оны гуравдугаар сард дахин нийлж 1943 оны нэгдүгээр сарын 15 нд охин Памела нь мэндэлжээ.
1942 онд Миллс Мэдисон дахь Висконсин Их Сургуульд «Прагматизмийн социологи тайлбар: Социологи мэдлэгийн тэмдэглэл» сэдвээр социологийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Хамгаалуулах зөвлөл Миллсийн бүтээлийг хурцаар шүүмжилсэн ч эрдмийн зэргээ авч чадсан юм. 1942 оны эхээр Милсс гэр бүлийнхээ хамт Висконсин муж улсыг орхиж Мэриландын Их Сургуульд социологийн тэнхимийн доцент багшаар томилогдсон байна.
Үзэл санааны хувьд Жон Дью (John Dewey), Жорж Хэрбэрт Мид (George Herbert Mead), Ховард Паул Беккер (Howard Paul Becker), Макс Вебер (Max Weber), Карл Манхейм (Karl Mannheim), Карл Маркс (Karl Marx) нарын нөлөөн дор байсан нь хожмоо Миллсийг элит судлал дахь зүүний радикал урсгалын томоохон төлөөлөгч (Алвин Уорд Гоулднерын хамт) болоход хүргэсэн байна. 1941-1945 онуудад Мэриландын Их Сургуульд багшлахын зэрэгцээ Ричард Хофштадтэр (Richard Hofstadter), Фрэнк Бүрт Фридэл (Frank Burt Freidel), Кэннэт Милтон Стэмп (Kenneth Milton Stampp) зэрэг эрдэмтэдтэй нөхөрлөж, америкийн нийгмийн тулгамдсан асуудлаар бүтээл хамтран бичиж нийтлүүлэх болжээ. Нэг үеийн эдгээр судлаачид дотроос Кэннэт Милтон Стэмп арай ахмад нэгэн (1912 онд мэндэлсэн) байв. Бусад нь бүгд 1916 оны үе тэнгийхэн байжээ.
1940-өөд оны үед Миллсийн өгүүллүүд «The New Republic», «The New Leader», «Politics» зэрэг сэтгүүлд нийтлэгдэх болсон. 1945 онд Нью-Йорк хот руу шилжиж, Поль Лазарсфельдийн удирдлага дор Колумбын Их Сургуулийн Нийгмийн Ахисан Төвшний Судалгааны Товчоонд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах болжээ. Эсэргэн жилд хийх судалгааны ажлаа санхүүжүүлэх зорилгоор 2500 доллартай тэнцэх тэтгэлэгийг 1945 онд Гуггэнхайм Сангаас авсан байдаг. 1946 онд Чарльз Райт Колумбын Их Сургуулийн социологийн тэнхимийн доцент багшаар томилогдсон байна. Энэ үед «Цагаан захтанууд: Америкийн дундаж анги» нэрт бүтээлээ бичсэн бөгөөд 1951 онд олны хүртээл болгожээ. Нью-Йорк хотод очсноор Миллс эхнэрээсээ холдож, улмаар 1947 онд хоёр тийш болсон байна.
1947 онд Колумбын Их Сургуулийн Нийгмийн Ахисан Түвшний Судалгааны Товчоонд хамт ажиллаж байсан Руфь Харпэр (Ruth Harper) гэгчтэй урагласан бөгөөд тэд хамтран «Эрх мэдлийн шинэ хүмүүс» (1948 он), «Цагаан захтанууд» (1951 он),  «Элитийн эрх мэдэл» (1956 он) зэрэг бүтээлүүд дээр ажилласан байна. 1949 онд Чарльз, Харпэр нар Чикаго орж, Чарльз Чикаго Их Сургуульд багшлах болсон. Нэг семестр ажилласны эцэст Колумбын Их Сургуульдаа эргэн ирж, 1950 оны долоодугаар сарын 1 нд социологийн ухааны профессор болжээ.
1955 оны долоодугаар сарын 14 нд түүний хоёр дахь эхнэрээс охин Кэтрин нь мэндэлжээ. Миллс 1956 оны долоодугаар сарын 1 нд социологийн ухааны тэргүүлэх профессор болсон. 1957 онд гэр бүлээрээ Копенгаген шилжиж, Копенгагены Их Сургуульд Фулбрайтын тэтгэлэгт багшаар ажилласан. Эх орондоо эргэн ирээд Миллс, Харпэр нар хоёр тийш болж 1959 онд гэр бүлээ бүрмөсөн цуцлуулжээ.
1959 онд Миллс украин гаралтай зураач Ярослава Сурмач (Yaroslava Surmach)-тай гэрлэсэн байна. Тэд Нью-Йорк муж улсын Роклендад төвхнөж, 1960 оны зургаадугаар сарын 19 нд хүү Николас Чарльз нь мэндэлжээ. 1960 оны наймдугаар сард Кубад очиж, «Сонсцгоо, янкуудаа Кубад хувьсгал өрнөж байна» нэрт илтгэлээ олны өмнө хэлэлцүүлсэн байна. Чарльз Райт Миллстэй уулзах үедээ «Элитийн эрх мэдэл» бүтээлийг нь Фидель Кастро өндрөөр үнэлсэн байдаг.
Бүхий л амьдралынхаа туршид Миллс амьсгалын дутмагшил өвчнөөр тарчилсан бөгөөд 1962 оны гуравдугаар сарын 20 нд ид хийж бүтээх 45 насандаа эл өвчний улмаас Нью-Йорк муж улсын Уэст-Найэк хотноо ажирчээ (Mills, 2000, pp. 5-17).
2. Миллсийн улс төрийн онол
Элит судлал дахь зүүний радикал урсгалын томоохон төлөөлөгч нь Чарльз Райт Миллс болохыг өмнө нэгэнт дурдсан билээ. Миллс юуны түрүүнд, нийгмийн элитар шинж хүний төрөлх мүс чанарт суурилсан байдгийг онцолсон. 1956 онд «Элитийн эрх мэдэл» нэртэй бүтээл нийтлүүлсэн бөгөөд үүндээ улс төрийн онолоо томьёолжээ. Нийт 15 бүлгээс бүрдэх уг бүтээлийг зарим талаар Карл Марксын «Хөрөнгө» зохиолтой зүйрлэж болох юм. «Элитийн эрх мэдэл» нь Америк ардчилал, Америк нийгмийн язгуур мөн чанарыг хамгийн бүрэн дүүрэн, хамгийн бодитойгоор, шүүмжлэлт байр сууринаас өгүүлсэн бүтээл болно.
Хүн төрөлхтөний түүхэнд урьд өмнө гарч байгаагүй хамгийн харгис, хамгийн бурангуй нийгмийн байгуулал бол капиталист нийгэм мөн. Энэ нийгмийн сонгодог жишээ нь АНУ юм. АНУ-д нийгэм эрх мэдлийн элит, ердийн хүмүүс гэсэн үндсэн хоёр давхаргаас бүрдэнэ. «Ердийн хүмүүсийн хүч, боломжоо ашиглах хүрээ тэдний өдөр тутмын амьдрал, сэтгэл зовнил төдийгөөр хязгаарлагдах бөгөөд мэргэжлийн ажил, гэр бүл, хөршийн харилцаанд хүлэгдсэн энэ хүрээ ойлгох нь битгий хэл өөрсдөө ч захирахыг ч үл хүсэх гадаад хүчний нөлөөгөөр эрх мэдлийн хяналтад орох нь олонтоо. Агуу их өөрчлөлтүүд эднээс үл хамаарах бөгөөд харин ч тэдний үзэл бодол, үйл байдалд нөлөөлж байдаг. Уг өөрчлөлтүүд энгийн хүмүүсийг бүх талаар хавчин хяхаж, өнөөгийн нийгмийн бүтэц нь өөрөө гажууд үзэл санаанд үйлчлэх болжээ. Энгийн хүмүүс нийгмийн амьдралд нөлөөлөх чадваргүй болсон төдийгүй амьдралаа хүссэнээрээ авч явах боломжоо бүрэн алдах эрин үе иржээ» (Миллс, 1959, хууд. 1) хэмээн Миллс бичжээ.
Нийгмийн амьдрал бүхэлдээ элитар шинжтэй бөгөөд уг үйл явц бий болоход олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, улс төрийн эрх мэдэл шийдвэрлэх нөлөөтэйг Миллс онцолсон байна. «...Энэ талаас нь авч үзвэл бүх хүн энгийн хүмүүс биш юм. Мэдээллийн хэрэгсэл, улс төрийн эрх мэдэл төвлөрөхийн хэрээр цөөн тооны иргэд америкийн нийгэмд энгийн хүмүүсийн өдөр тутмын амьдралд хүчтэй нөлөөлөл үзүүлэх шийдвэр гаргаж, тэднийг хяналтандаа байлгах боломж олгодог тийм өндөр байр сууринд шилжсэн байна. Тэд энэ байр сууринд хөдөлмөрийнхөө үр шимээр бус, мянга мянган хүмүүсийн амьдрал, ажил хөдөлмөрийг золиослох замаар хүрдэг. Тэд ердийн гэр бүлийн хэрэгцээ зовнилоос ангид байж чаддаг: учир нь уг зовнилоос ангид байх боломж тэдэнд олгогддог байна. Олон сайхан орд, харшид амьдрах боловч нутаг дэвсгэрийн ямар нэгэн хүй элгэнд харьяалагддаггүй. Тэд амьдралаа өдөр тутмын хэрэгцээгээ хангах, амин зуулгын эд эрж олоход зориулдаггүй: тэд өөрсдийн хэрэгцээг бий болгож, түүнийгээ бусдын хүчээр хангаж байдаг онцлогтой. Эрх мэдэлтэйгээ хүлээн зөвшөөрч байна уу, үгүй юу гэдэг нь чухал бус, улс төрийн болон техникийн туршлагын хувьд хүн амын доод давхаргаас илт давуу байдаг нь тодорхой. Олонх америкчууд энэ элит давхаргын тухай ярих бөгөөд Яков Буркхардт “бидэнд байхгүй бүхэн байх агуу хүмүүс” хэмээсэн байна» (Миллс, 1959, хуудсд. 1, 2) хэмээн Миллс бүтээлдээ өгүүлжээ.
Миллс Марксын оюун санааны өв агуу гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч улс төрийн арга хэрэгслийг нь сайшааж үзээгүй юм. Өөрөөр хэлбэл, нийгэмд Марксын бүтээлд дурдсан асуудлууд байх боловч түүнийг хүчирхийллийн замаар хувирган өөрчилж болохгүй гэдгийг онцолсон. Италийн эрдэмтэн Г. Москагаас эхтэй “улс төрийн” буюу “ноёрхогч анги” гэх ойлголтыг “эрх мэдлийн элит” гэх ойлголтоор даялуулан авч үзсэн байдаг. Эрх мэдлийн элит нь үйлдвэр худалдаа, цэрэг арми, улс төр, төрийн албаны дээд хэсгийг өөртөө багтаах нийгмийн бүлэг мөн гэж үзсэн. «Өнөөгийн Америкт улс орны гол хөдөлгөгч хүч нь эдийн засаг, улс төр, цэргийн байгууллагууд юм. (…) Аливаа пүүс, компаний нэгэн адил төрийн хэрэгт шууд нөлөөлөл үзүүлэх нэг ч гэр бүл алга: Батлан хамгаалах яамны нэгэн адил залуу америкчуудын амьдралын хувь заяанд шууд нөлөөлөх нэг ч сүм хийд алга: Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шиг чухал үйл явдалд шийдвэртэй нөлөөлөл үзүүлэх нэг ч их сургууль алга» (Миллс, 1959, хууд. 9) хэмээн Миллс энэ тухай бичжээ.
Оюун ухаанд захирагддаггүй рационал байдал бий болж, иррационал зорилгод ашиглагдах арга хэрэгсэл болон хувирч байгаа нь өнөөгийн нийгмийн аюултай шинж болохыг Миллс онцолсон. Үүнтэй холбоотойгоор дахин дурдахад Миллс ажилчин ангийн хувьсгалт шинж чанарыг үгүйсгэсэн юм. Өөрөөр хэлбэл, оршин буй нийгмийн байгууллын муу бүхэнтэй хүчирхийллийн аргаар тэмцэж болохгүй.
Эрх мэдлийн элит нь ердийн хүмүүсийн дундаас гарч ирэх авч хүчтэй үр дагавар бүхий шийдвэр гаргах боломжтой иргэдээс бүрддэг. Бүтцийн хувьд арми, төрийн алба, томоохон пүүс, компаний төлөөлөгчид эрх мэдлийн элитийг бүрдүүлнэ.
Хэдийгээр арми, төрийн алба, томоохон пүүс, компаниуд гэж эрх мэдлийн элитийг дотор нь ангилах боловч тэд өөр хоорондоо нягт харилцаатай байж, Америкийн нийгмийн үнэмлэхүй олонхийг бүрдүүлэх ердийн хүмүүсийг дарлан мөлжиж байна. Нийгэмд эрх мэдлийн элит нөлөөтэй ч түүнээс дутахгүй хүчирхэг хүмүүс байдаг. Тэд засаг төрийн эрхийг бүхэлд нь хяналтандаа авдаггүй ч эрх мэдлийн элитүүд тэдэнгүйгээр оршин тогтнох боломжгүй байдаг. «Бусад хүмүүс эсэргүүцэж байсан ч хүсэл сонирхлоо хэрэгжүүлэх чадвартай (…)» эдгээр хүмүүс нийгмийг залж чиглүүлэх, удирдан зохион байгуулах гол хүч билээ. Харин эрх мэдлийн элитийн хувьд «мөнгө, эрх мэдэл, нэр хүндийг олгох» засаглалын суурь болж өгдөг байна.
Орчин үеийн хүний хувь заяа томоохон пүүс, компани, төрийн алба, цэрэг, армиас ихээхэн хамааралтай болж байна. Энэ бол «манай цаг үеийн түүхэн онцлог» (Миллс, 1959, хуудсд. 10-12) мөн.

ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ

Mills, C. W. (2000). C. Wright Mills: Letters and Autobiographical Writings . ( Kathryn Mills, & Pamela Mills, Eds.) Berkeley and Los Angeles, California: University of California Press.
Миллс, Ч. Р. (1959). Властвующая элита. Перевод с англ. Е. И. Розенталь, Л. Г. Рошаль, В. Л. Кон. Москва: Издательство иностранной литературы.


МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Comments

Popular posts from this blog

ЭЛИТ ХЭМЭЭХ ОЙЛГОЛТИЙН ТУХАЙ

« Элит » хэмээх ойлголт шинжлэх ухааны хэрэглээнд нэвтэрсэн үе нь харьцангуй саяхных билээ. Уг ойлголт латин хэлний eligere – сонгох гэх үгнээс гаралтай бөгөөд орчин цагийн хэлэнд Италийн социологич, элит судлалын нэртэй онолч В. Парэтогийн нөлөөгөөр хэрэглээнд идэвхтэй ашиглагдах болсон. Дээрхээс гадна, франц хэлний elite – сайн, шалгарсан, шилэгдмэл гэх үгнээс  гаралтай ч гэж үзэх нь бий. Үг зүйн хувьд « элит » гэх үгийг XVII зууны үеэс Европ дахинаа худалдаачид голчлон хэрэглэх болсон бөгөөд их төлөв чанар сайтай бараа, таваарыг нэрлэдэг байжээ. Гэвч үгийн хэрэглээ өргөжин XVIII зууны дунд үеэс эхлэн цэрэг дайчид, язгууртнуудтай холбоотойгоор « шилэгдмэл хүмүүс » гэх утгаар ашиглах болжээ. XIX зууны үеэс газар тариаланд, тодруулбал ургамал, амьтан, тэдгээрийн шилмэл үйлдэр, угсаатай холбоотойгоор хэрэглэх болсон.   Нийгэм-улс төрийн мэдлэгт харьцангуй сүүл үеэс ашиглагдах болсон. 1823 онд гарсан Английн Оксфордын нэвтэрхий толь бичигт нийгмийн дээд давхаргын төлөөлөгчди...

ВИЛФРЭДО ПАРЭТОГИЙН ЭЛИТИЙН ОНОЛ

Вилфрэдо Парэто 1848 оны долдугаар сарын 15 нд Париж хотноо үзэл бодлын эрхээр цагаачилсан Генуя хотын маркизийн гэр бүлд мэндэлсэн.  Харин эх нь Франц эмэгтэй байсан бөгөөд Парэто багаасаа итали болон франц хэлийг гаргууд сайн сурчээ. Хэдийгээр хоёр улсын хэл, соёлыг гадарлах болсон ч бүхий л амьдралынхаа туршид Парэто өөрийгөө итали хүн гэж үзсээр ирсэн байдаг. 1858 онд гэр бүлээрээ Итали улсад эргэн иржээ. Энд тэрээр техникийн болон хүмүүнлэгийн боловсрол эзэмшсэн байна. Ялангуяа математикийн ухааныг судлахад ихээхэн анхаарч байжээ. Турин хотноо политехникийн их сургуулийг дүүргээд “Хатуу биет дэх тэнцвэржилтийн суурь зарчмууд” сэдвээр докторын зэрэг горилсон байна. Хэдийгээр ямар сэдвээр хамгаалсан нь бичвэрт төдийлөн чухал биш ч тэнцвэржилтийн асуудал түүний нийгэм-эдийн засгийн онолд томоохон байр суурь эзэлдэгийг харуулж байна. Олон жилийн туршид төмөр замын болон металлургийн үйлдвэрт ажилласан. 90-ээд оноос улс төрд хөл тавьсан ч төдийлөн амжилт гаргаж чадаагүй бил...