Skip to main content

ВИЛФРЭДО ПАРЭТОГИЙН ЭЛИТИЙН ОНОЛ

Вилфрэдо Парэто 1848 оны долдугаар сарын 15 нд Париж хотноо үзэл бодлын эрхээр цагаачилсан Генуя хотын маркизийн гэр бүлд мэндэлсэн. Харин эх нь Франц эмэгтэй байсан бөгөөд Парэто багаасаа итали болон франц хэлийг гаргууд сайн сурчээ. Хэдийгээр хоёр улсын хэл, соёлыг гадарлах болсон ч бүхий л амьдралынхаа туршид Парэто өөрийгөө итали хүн гэж үзсээр ирсэн байдаг. 1858 онд гэр бүлээрээ Итали улсад эргэн иржээ. Энд тэрээр техникийн болон хүмүүнлэгийн боловсрол эзэмшсэн байна. Ялангуяа математикийн ухааныг судлахад ихээхэн анхаарч байжээ. Турин хотноо политехникийн их сургуулийг дүүргээд “Хатуу биет дэх тэнцвэржилтийн суурь зарчмууд” сэдвээр докторын зэрэг горилсон байна. Хэдийгээр ямар сэдвээр хамгаалсан нь бичвэрт төдийлөн чухал биш ч тэнцвэржилтийн асуудал түүний нийгэм-эдийн засгийн онолд томоохон байр суурь эзэлдэгийг харуулж байна. Олон жилийн туршид төмөр замын болон металлургийн үйлдвэрт ажилласан.
90-ээд оноос улс төрд хөл тавьсан ч төдийлөн амжилт гаргаж чадаагүй билээ. Энэ үед тэрээр эх хэлнээ нийгэм, улс төрийн сонгодог бүтээлүүдийг утгачлахын ялдар олон нийтийн ажил эрхлэх болжээ. 90-ээд оны тэргүүн хагаст эдийн засгийн онолын чиглэлээр олон тооны судалгаа нийтлүүлжээ. 1893 онд Леон Вальрасыг орлож, Лозаннын их сургуулийн улс төр эдийн засгийн ухааны профессор болсон бөгөөд амьдралынхаа эцэс хүртэл тус сургуульд багшилжээ. Парэтогийн сүүлийн жилүүдэд Италид фашист дэглэм тогтсон юм. Энэ дэглэмийн зарим зүтгэлтнүүд, тэр дундаа дуче Б. Муссолини Парэтог багшаа гэж хүндлэх болжээ. Үүнтэй холбоотойгоор Парэтод 1923 онд насан туршийн сенатор цол хүртсэн байна. Хэдийгээр Парэто шинэ дэглэмийн дэмжлэгт болгоомжтой хандаж байсан боловч түүний амьдралд шинэ дэглэмийн зүгээс аюул учруулж байгаагүй юм. Парэто 1923 оны наймдугаар сарын 19 нд Швейцарьт бие баржээ.
Парэто юуны түрүүнд, эдийн засагч байсан юм. Тиймдээ ч түүний судалгаа ихэвчлэн эдийн засгийн асуудалд төвлөрч байв. Орлогын хуваарилалт, төгс бус өрсөлдөөнт зах зээл, эдийн засгийн загварчлалын асуудлыг хөндсөн байдаг. Гэвч аажмаар түүний судалгаанд хүний тухай ойлголт бий болсон юм. Хүний тухай рационал төсөөлөл нийгмийн бодит байдалтай олон талаар зөрчилдөж байсан тул илүү нарийн онол, үзэл баримтлал боловсруулахыг чармайж байв. «Улс төрийн эдийн засгийн лекцүүд» (1896-1897), «Социалист систем» (1902), «Улс төрийн эдийн засгийн сурах бичиг» (1906) зэрэг олон арван зохиол туурвисан байна. 1897 оноос Лозаннын их сургуульд социологийн ухаанаар лекц унших болсон ч эрүүл мэндийн байдлын улмаас энэ ажлаа орхисон түүхтэй.
В. Парэтогийн гол бүтээл нь - «Ерөнхий социологийн ойллого бичиг» бүтээл юм. Уг бүтээлийг 1907-1912 оны хооронд бичжээ. Итали хэлнээ анх 1916 онд  «Шашдир» нэртэйгээр хэвлэгдсэн бөгөөд франц хэлнээ 1917-1919 онуудад хөрвүүлэгджээ. Нийт 13 бүлэг, 2612 зүйл, 2000 орчим хуудас бүхий томоохон бүтээл болно. 
Засаглагч болон засаглагч бус элит
Парэтогийн үзсэнээр, хүмүүс бие махбод, оюун санаа, ёс суртахууны хувьд харилцан адилгүй байдаг. Тиймээс нийгмийн тэгш бус байдал зүй ёсны бөгөөд бодитой зүй тогтол юм. Өөрийн үйл ажиллагааны хүрээнд хамгийн өндөр үзүүлэлт бүхий тэр хүмүүс элитийг бүрдүүлнэ. Үйл ажиллагааны тодорхой хүрээ бүрт элит байна. Парэто элитийг улс төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд шууд оролцох засаглагч элит, засаглагч бус элит гэсэн хоёр төрөлд ангилсан. Нийгмийн давхараажилт элит болон элит бус давхарга гэсэн хоёр хэсгээс бүрдэх пирамид хэлбэртэй. Дэглэм, засаглалын хэлбэрээс үл хамааран нийгэмд элит ямагт оршин байсан, байна, байсаар ч байх болно.
Парэто элит гэх ойлголтын зэрэгцээ засаглагч анги, ноёрхогч анги, язгууртан, дээд анги гэх мэт нэр томьёог ашигласан байдаг. Гэхдээ эдгээр үгийн ерөнхий утга нэгдмэл шинжтэй байв. “Гэгээн язгууртан, дээрэмчин язгууртан, эрдэмтэн язгууртан, гэмт хэрэгтэн язгууртан гэх мэтчилэн” язгууртны олон төрөл байж болох талаар бүтээлдээ дурджээ. Хамгийн чухал нь, язгууртан буюу элитийг хэрхэн тодорхойлох вэ, мэдлэг чадвар нь ямар байх ёстой вэ гэдэгт асуудлын гол оршино. Парэто элитэд түгээмэл шинж байхыг үгүйсгэж, тодорхой орчин, тухайлбал оршин буй нийгмийн тогтолцоотой холбоотойгоор төлөвшиж болох талаар дурдсан байна.
Парэто элит хэмээх ойлголтыг бодит нийгмийн талаас авч үзэхийг хичээсэн. Элит бол нэг талаар байгалийн шалгарлын үр дүн учир өөрийн салбартаа дээд зэргээр мэргэшсэн тийм хүмүүсийг багтаана. Гэвч нийгмийн орчинд элитийн шинж байхгүй хэрнээ элит давхаргад багтсан хүмүүс байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, эхний тайлбартайгаа хоёр дахь үзэгдэл зөрчилдөх болсон. Ангийн нээлттэй бүтэц, тогтвортой дайчилгааны механизм бүхий нийгэмд элит байгалийн шалгарлын үр дүнд бүрддэг болохыг тэрээр онцолсон. Харин ангиудын хаалттай бүтэц, дайчилгааны механизм үгүй нийгэмд элит бүрдэх үйл явц доголдох хандлагатай байдгийг гаргасан. Биеэ барих чадвартай байх, зорилгодоо хүрэхийн тулд бусдыг өрвдөх зүйлгүй золиглох хаттай байх, шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэх, бусдыг дагуулах, итгэн үнэмшүүлэх чадвартай байх зэрэг нь засаглагч элитийн үндсэн шинж юм. Засаглал итгэл үнэмшил, хүчирхийлэл дээр суурилна. Хэрэв бусдыг итгэн үнэмшүүлэх чадваргүй бол эргэлзээгүй хүч хэрэглэх чадвартай байх хэрэгтэй. Хэрэв хүч хэрэглэх чадваргүй бол бусдын талдаа татах, ятган сэнхрүүлэх чадвар эзэмшсэн байвал зохино. Чадварыг бүгдийг эзэмшвэл түүнээс илүү сайн зүйл гэж үгүй. Чадвартай байна гэдэг эрх мэдлээ тогтоох барихын үндэс юм. Энэ утгаараа Парэто түүхийг “язгууртны булш мөн” хэмээсэн байдаг.
Нийгмийн харилцааны нэг онцлог нь элит болон элит бус давхаргын хооронд мөнхийн сэлгээ хийгдэж байдагт оршино. Дээд анги буюу элит шинэчлэгдэх үйл явцыг элитийн цус сэлбэлт хэмээн нэрлэсэн байна. Элитийн цус сэлбэлтийн үр дүнд нийгмийн хөгжил тасралтгүй урагшилж байдаг зүй тогтолтой.
Элитийн цус сэлбэлт
Элитийн цус сэлбэлт нийгмийн тэнцвэржилтийг хангахад онцгой чухал үүрэгтэй. Цус сэлбэлт нь элитэд удирдлагыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцөөр хангаж байдаг. Хэрэв элит хаалттай бүлэг болон хувирч, нийгмийн доод давхаргын чадвартнаар өөрийгөө шинэчилж чадахгүйд хүрвэл элитээ дагаад нийгэм бүхэлдээ уналтад ордог. Нөгөө талаас, нийгмийг удирдах чадвар бүхий хүмүүс доод ангийн бүтцэд хуримтлагддаг байна. Ингэснээр улс төрийн тэмцэл буюу хувьсгал үүснэ. Элитийн цус сэлбэлт удаашрах, нийгмийн доод давхаргад элитийн шинжтэй хүмүүс хэт олшрох нь нийгмийн тэнцвэржилтийг эвдэж, хувьсгал гаргахад хүргэдэг байна. Шууд утгаар хэлэхэд, нийгмийн элит давхаргын бүтцийг эрс шинэчлэх үйл явц бол хувьсгал юм.
Элитийн хэв шинж
Хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн үйл явц гэгч элитийн өсөлт, бууралт, уналтын үйл явц юм. Ингэхлээр, энэ нь хүний нийгэм оршин байх ерөнхий зүй тогтол болж байна. Элит солигдох буурч, доройтох, эсвээс өсч хөгжихийн чухам шалтгаан юунд оршино вэ? Парэто үүнийг элитийн хэв шинжтэй холбон тайлбарласан байна. Үнэг болон арслан хэв шинжит хоёр төрлийн элит байна. Үнэг хэв шинжит элит давамгайлах үед нийгэмд хөгжлийн алс ирээдүйг харах бус, эрх мэдлээ хэрхэн, ямар аргаар тогтоон барих вэ гэсэн хувиа аргацаасан хандлага ноёлох болдог. Алс ирээдүйг бус, ойр үеэ бараалах, улс үндэстний гэхээсээ илүү амин ашиг тусаа хичээх, оюун санааны гэхээсээ илүү эд материалд шунан тачаадах тэргүүтэн нь үнэг хэв шинжит нийгмийн үндсэн шинж юм. Эрх мэдлээ тогтоон барих арга нь олон түмнийг хууран мэхлэх, ятган сэнхрүүлэх, худалдан авах тэргүүтэн арга болно. Харин арслан хэв шинжит элитийн үед хүч хэрэглэсэн, хүчин суурилсан аргаар эрх мэдлээ тогтоон барихыг чармайх бөгөөд үнэг хэв шинжит элитээс илүү алс холыг цараалдаг байна. Гэхдээ нийгмийн хөгжил ерөнхийдөө зогсонг байдалд орох хандлагатай байдаг.
МОНГОЛЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ, УЛС ТӨР СУДЛААЧ НЯМААГИЙН ОТГОНБАЯР 

Comments

Popular posts from this blog

ЭЛИТ СУДЛАЛЫН ОРЧИН ҮЕИЙН НЭРТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧ ЧАРЛЬЗ РАЙТ МИЛЛС

1. Цадиг намтар XX зууны Америкийн хайв эрдэмтэн, улс төр судлаач, социологич, элит судлалыг хөгжүүлэгчдийн нэг нь Колумбын Их Сургуулийн профессор Чарльз Райт Миллс ( Англи хэлнээ : Charles Wright Mills; 1916-1962 он) билээ.  Чарльз Райт Миллс 1916 оны наймдугаар сарын 28 нд Техас муж улсын Уэйко хотод даатгалын ажилтан Чарльз Гровэр Миллс (Charles Grover Mills), Фрэнсис Райт Миллс (Frances Wright Mills) нарын гэрт мэндэлжээ. Тэрээр төрөлх нутагтаа 23 нас хүртлээ амьдарчээ. 1934 онд Далласын Техникийн Сургуулийг дүүргэж 1935 онд Техасын Их Сургуульд элсэн орж улмаар 1939 онд социологийн ухаанаар төгссөн байна. Их сургуулиа төгсөх үедээ Миллс « American Sociological Review », « American Journal of Sociology » гэх эрдэм шинжилгээний нэр хүнд бүхий хоёр цувралд өгүүллээ нийтлүүлсэн байна.  Техаст Миллс социологийн чиглэлээр магистрантурт суралцаж байсан Дороти Хэлэн Смит (Dorothy Helen Smith) гэгчтэй танилцаж улмаар эхнэр, нөхөр болцгоожээ. Эмэгтэйчүүдийн Оклахома Колл...

ЭЛИТ ХЭМЭЭХ ОЙЛГОЛТИЙН ТУХАЙ

« Элит » хэмээх ойлголт шинжлэх ухааны хэрэглээнд нэвтэрсэн үе нь харьцангуй саяхных билээ. Уг ойлголт латин хэлний eligere – сонгох гэх үгнээс гаралтай бөгөөд орчин цагийн хэлэнд Италийн социологич, элит судлалын нэртэй онолч В. Парэтогийн нөлөөгөөр хэрэглээнд идэвхтэй ашиглагдах болсон. Дээрхээс гадна, франц хэлний elite – сайн, шалгарсан, шилэгдмэл гэх үгнээс  гаралтай ч гэж үзэх нь бий. Үг зүйн хувьд « элит » гэх үгийг XVII зууны үеэс Европ дахинаа худалдаачид голчлон хэрэглэх болсон бөгөөд их төлөв чанар сайтай бараа, таваарыг нэрлэдэг байжээ. Гэвч үгийн хэрэглээ өргөжин XVIII зууны дунд үеэс эхлэн цэрэг дайчид, язгууртнуудтай холбоотойгоор « шилэгдмэл хүмүүс » гэх утгаар ашиглах болжээ. XIX зууны үеэс газар тариаланд, тодруулбал ургамал, амьтан, тэдгээрийн шилмэл үйлдэр, угсаатай холбоотойгоор хэрэглэх болсон.   Нийгэм-улс төрийн мэдлэгт харьцангуй сүүл үеэс ашиглагдах болсон. 1823 онд гарсан Английн Оксфордын нэвтэрхий толь бичигт нийгмийн дээд давхаргын төлөөлөгчди...