XIX
зууны сүүл, XX зууны эхээр Өрнө Дахины нийгмийн сэтгэлгээний хөгжлийн явцад бий
болсон үзэл санааны томоохон дэг сургууль нь элит судлал юм. Энэ дэг сургуулийн
гол төлөөлөгчдийн нэгэнд Гаэтано Моска (1858-1941 он) зүй ёсоор багтдаг. Онцлон тэмдэглэхэд, судалгааны
тусгай объект болох нийгмийн элит давхаргыг тодорхойлж, бүтэц, үйл ажиллагааны хүрээ,
хууль, зүй тогтол, засаг төрийн эрхэнд гарах, өсөн дэвжих, уруудан доройтох,
контр буюу сөрөг элитээр солигдох үйл явцыг нэг бүрчлэн судалсанд түүний гавьяа
оршино.
Моска
өөрийн үзэл санааг 1884 онд гаргасан “Парламентат ёс, төрийн засаглалын
тухай онол”, 1896 онд бичсэн “Улс төрийн шинжлэх ухааны үндсүүд”
нэрт хоёр бүтээлдээ хөгжүүлжээ. Гэхдээ тэрээр хэзээ ч онол, үзэл санаагаа
системтэйгээр илэрхийлж байсангүй ээ. Үүнтэй холбоотойгоор Италийн судлаач
Норбэрто Боббио Москагийн бүтээлүүдэд улс төрийн анги, улс төрийн бие хүн
хоёрын алийг нь өгүүлсэн тухайд туйлын бүрхэг байна хэмээн судалгаандаа дурджээ
(Bobbio, 1969, хууд. 202) . Аливаа нийгэмд удирдагч
болон удирдуулагч гэх хоёр анги зэрэгцэн орших зүй тогтолтой. Удирдагч
анги тооны хувьд цөөн хэрнээ нийгэм дэх эрх мэдлийг бүхэлд нь хянадаг бол
удирдуулагч анги тооны хувьд олон, удирдагч ангидаа захирагдахын ялдар түүний
оршин байх материаллаг орчныг бүрдүүлж өгдөг онцлогтой (Mosca, 1923, p. 78) . Москагийн хувьд
элит гэдэг нь нийгмийн олонхиос ялгарах онцлог чанар эзэмшсэн, хариуцлага
хүлээх чадвар бүхий хувь хүмүүсийн бүлэг юм. Нийгмийн элит хэсгийг “улс
төрийн анги”, “зохион байгуулалттай цөөнх”, “ноёрхогч анги”,
“удирдагч анги”, “засаглагч анги”, “дээд анги”, “засаглагч
цөөнх” зэргээр харилцан адилгүй нэрлэсэн байна (Итиуридзе, 2001, хууд. 30 ) . Түүний бүтээлүүдийг
судлахад Моска удирдагч ангийг дотор нь дээд болон доод гэсэн
хоёр томоохон бүтцэд хуваан авч үзсэн байдаг. Удирдагч анги нь тодорхой
удирдагч бүхий хүмүүсийн бүлэг болно. Удирдагч нь нийгэм дэх эрх мэдлийн цөм
төдийгүй удирдагч ангиа бүхэлд нь зохион байгуулах дээд эрх эдэлдэг болохыг
Моска гярхай ажиглажээ. Энэ ангид оюун санааны элитүүд, төрийн албан хаагчид,
угсаа залгасан язгууртан, ард түмний төлөөлөгчид, томоохон өмчтөн, төрийн
зүтгэлтэнүүд багтдаг байна.
Удирдагч
ангийг бүрдүүлэгч элитийн онцгой чанарыг тухай асуудал Москагийн судалгаанд
чухал байр суурь эзэлдэг. Оюун санаа, ёс суртахуун, материаллаг давуулаг
байдлыг бий болгохын зэрэгцээ өсөн дэвжихэд зайлшгүй шаардлагатай тэр чанарыг
элитүүд эзэмшсэн байх ёстой (Mosca, The Ruling Class, 1939, p. 83) .


Comments
Post a Comment